105 жилийн бахархалт түүхийг хамтдаа бүтээсэн үе үеийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн 104 жил, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жил, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулсан ёслолын жагсаал, алба хаагчдын үзүүлэх болон урлагийн тоглолт өнөөдөр /2026.07.17/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо.
Түүхэн ойг тохиолдуулан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд, алба хаагчид, тэдний гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бахархалт түүх, баатарлаг үйлсийг хамтдаа хуваалцлаа.

Арга хэмжээний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 34 анги, байгууллагын 1,984 алба хаагч, 48 автомашин, 46 морьт бүрэлдэхүүн, 46 албаны нохой сүр жавхаатайгаар жагсаж түүхэн ойдоо хүндэтгэл үзүүлэв. Баярын хөтөлбөрийг алба хаагчдын үзүүлэх тоглолт, албаны нохдын үзүүлбэрүүдээ толилууллаа.
Үдшийн арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж, урлагийн одод ая дуугаараа бэлэг барьлаа.
Мөн цагдаа, дотоодын цэргийн хүндэтгэлийн жагсаалын үеэр иргэд алба хаагчдад халуун баяр хүргэлээ.


























