Зарим ус, дулаан дамжуулах төвийн шугам сүлжээний нөхцөл байдал, ашиглалтын хэвийн ажиллагааг шалгалаа

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 121, 122 дугаар Ус, дулаан дамжуулах төвүүдийн нэвтрэх сувагт угсрагдсан шугам сүлжээний нөхцөл байдал, ашиглалтын хэвийн ажиллагааг шалгалаа.
Тухайлбал, 121 дүгээр Ус, дулаан дамжуулах төвийн гадна байрлах инженерийн хонгилын систем нь 190 метр урт, 3.0 метр өргөн, 3.0 метр өндөр төмөр бетон цутгамал хийцтэй сувагт ф125–200 мм голчтой, нийт 1140 урт метр инженерийн шугам сүлжээтэй бөгөөд тус шугам сүлжээгээр 9 орон сууцны 1462 өрх, 5840 оршин суугч, мөн 7 аж ахуйн нэгж, 3 цэцэрлэг ус, дулаанаар хангагдаж байна.
Мөн 122 дугаар Ус, дулаан дамжуулах төвийн харьяа 19, 20 дугаар байрны гадна инженерийн шугам сүлжээ нь халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны нэвтрэх сувагтай, 128 метр урт, 2.1 метр өргөн, 1.8 метр өндөр төмөр бетон угсармал хийцтэй сувагт ф125–250 мм голчтой, нийт 640 урт метр шугам сүлжээтэй байна. Энэхүү шугам сүлжээгээр 2 орон сууцны 769 өрх, 2800 оршин суугч, 25 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг.




