Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө

2026 оны 7 сарын 01

Arslan.mn

Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр тус тус томилсон.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тангараг өргөх ёслолыг өнөөдөр (2026.07.01) зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тангараг өргөх журмын дагуу Тангараг өргөх ёслолын ажиллагааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан удирдан, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулав.

Томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ "...Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ.

Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье" гэсэн юм.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669688
0 эможи

keyboard_arrow_up