П.Очбадрах: Мөрдөн шалгах ажиллагааг цахимжуулж, Кибер аюулгүй байдалтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгахад технологийн дэвшил чухал

“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч Ц.Болд болон Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн нийт 2,200 гаруй мөрдөгч, алба хаагч цахимаар болон танхимаар оролцож буй.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах " Одоогийн хуулиар мөрдөгч дуудсан тохиолдолд ирэхгүй байх жишээ олон байна. Хэргийн оролцогч ирэхгүй байгаа учраас хэрэг түргэн шийдэгдэхгүй гэсэн үг. Харин прокурорын дуудах хуудсаар ирдэг байх жишээтэй.
Дэлхий нийтэд гэмт хэргийн шинж чанар эрс өөрчлөгдөж байна. Өнөөдөр гэмт хэрэг хилээр хязгаарлагдахгүй, цахим орчноор дамжиж, санхүүгийн системээр нуугдаж, зохион байгуулалттай сүлжээгээр тэлж, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг хүртэл ашиглаж байна.
Тиймээс Мөрдөн шалгах ажиллагааг цахимжуулах шаардлагатай байна. Инновац технологийн шийдэл,цахим мэдээллийн санг ашиглах хэрэгтэй байна. Ялангуяа цахим орчинд үйлдэгдэж байгаа Кибер аюулгүй байдалтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгахад технологийн дэвшил чухал. Тиймээс виг датанд үндэслэн дараагийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах боломж бүрдэх юм байна. Нөгөө талаас оролцогчдын эрхийг сэргээх юм.
Цагдаагийн байгууллага гэмт хэргийн гомдлыг 19 хоног дотор, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж дугаар авсан тохиолдолд 30 хоногийн хуулийн хугацаатай. Харин хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах нь ганцхан цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй холбоотой ажил биш. Хэргийн оролцогч, өмгөөлөгч, бусад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж байж хэргийг шийдэж байгаа. Тухайлбал, СЭМҮТ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг маш олон байгууллагын хамтын ажиллагаа чухал байна.
Харин эдгээр асуудлыг өнөөдрийн “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-өөр хэлэлцэж байна." гэдгийг онцлов.
