НД: Гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлнө

2026 оны 6 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2026.06.17) Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгөв.

Хуулийн төслийн гол реформ, зохицуулалтууд:

  • Хийсвэр буюу хоосон бичилттэй нэрийн дансны тогтолцоог халж, бодит хуримтлалд суурилсан, баталгаат тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Олон жил шимтгэл төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгох шударга зарчим үйлчилнэ.
  • Даатгуулагч тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд тэтгэвэр дээр нь 4.0 хувийн нэмэгдэл тооцно.
  • Ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулж, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлнө.
  • Хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгоно.
  • Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломжийг бүрдүүлнэ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Засгийн газраас улс төрийн зоригтой шийдэл гаргаж, бодлогын, даацтай реформ төлөвлөж оруулж ирсэнд талархал илэрхийлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж байгааг сайшаасан юм.

Мөн хуралдаанаар А.Ариунзаяа нарын найман гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон. Энэхүү төсөл нь Засгийн газрын төсөлтэй давхардаагүй тул цаашид төслүүдийг нэгтгэн, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалтуудыг хамтад нь хэлэлцэн явахаар боллоо.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669481
0 эможи

keyboard_arrow_up