Аялсан газраа ХОГ БИШ, дурсамжаа үлдээе

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

Зуны дэлгэр цаг ирж, иргэд амралт, аялал зугаалгаар хөдөө орон нутгийг зорих нь нэмэгддэг. Гэвч бидний хайрлаж очдог уул ус, гол мөрөн, ой хээрийн үзэсгэлэнт газрууд хүний үлдээсэн хог хаягдлаас болж өнгө төрхөө алдах болсон нь харамсалтай. 

Монгол Улсад жил бүр ойролцоогоор 2.2 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүний 1.4 сая тонн нь Улаанбаатар хотод ногддог байна.

Харамсалтай нь нийт хог хаягдлын ердөө 3-5 хувь нь л дахин боловсруулагдаж, үлдсэн ихэнх хэсэг нь хогийн цэгт булшлагддаг байна.

Судалгаагаар Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын 52.8 хувь нь дахин боловсруулах боломжтой материал байдаг бөгөөд хуванцар хог дангаараа нийт хогны 14 хувийг эзэлдэг байна.

Хуванцар сав, гялгар уут зэрэг бүтээгдэхүүн байгальд хэдэн зуун жилийн турш задралгүй үлдэж, хөрс ус бохирдуулан, мал амьтан идэж хохирох эрсдэлийг бий болгодог.

Мөн олон улсын байгууллагуудын мэдээлснээр, Монголд үүсэж буй ахуйн хог хаягдлын 50 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой ч хог ангилан ялгах, зөв зохистой хаях дадал хангалтгүй хэвээр байгаа гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа аялал жуулчлалын оргил улиралд голын эрэг, уулын бэл, үзэсгэлэнт байгалийн бүсүүдэд үлдээсэн ундааны сав, хүнсний сав баглаа боодол, нойтон салфетка, гялгар уут зэрэг хог хаягдал нь байгаль орчны доройтлыг улам нэмэгдүүлдэг аж.

Байгальд хаясан ганцхан хуванцар сав ч олон арван жил хэвээр үлддэг бол шилэн сав нарны гэрлийг ойлгон ой хээрийн түймэр гарах эрсдэл үүсгэх аюултай.

Тиймээс хөдөө аялалд явахдаа: 

  • Авч очсон бүх зүйлээ буцаан авч явах, 
  • Хогоо ангилан ялгаж зориулалтын цэгт хаях,
  • Нэг удаагийн хуванцар хэрэглээг багасгах, 
  • Гал түлсэн бол бүрэн унтраах, 
  • Байгалийн ургамал, амьтны амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг хүн бүр эрхэмлэх шаардлагатай байна.

Өнөөдөр бидний үлдээсэн хог маргаашийн байгальд ачаа болдог. Харин өнөөдөр бидний гаргасан зөв дадал ирээдүй хойч үедээ цэвэр гол мөрөн, ногоон тал нутаг, онгон дагшин байгалийг өвлүүлэн үлдээх үндэс болно.

“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд иргэн бүр аялсан газраа хоггүй үлдээж, дурсамжаа л авч буцъя. Цэвэр байгаль бол бидний хамтын хариуцлага юм шүү!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669375
0 эможи

keyboard_arrow_up