“Монголын нүүдэлчдийн хууль цааз: Уламжлал, ял шийтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 17 эрдэмтэн, судлаач оролцож, 15 илтгэлийг хэлэлцүүллээ

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран нүүдэлчдийн хууль цаазын түүхэн бодлого, ял шийтгэлийн арга хэлбэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, түүхийн холбогдох эх сурвалжуудыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Монголын нүүдэлчдийн хууль цааз: Уламжлал, ял шийтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хурлаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн болон Археологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн тусгай архив, Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхим, Монгол Улсын багшийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн түүхийн тэнхим, Санхүү эдийн засгийн их сургууль, мөн АНУ-ын Хойд Каролайна их сургуулийн Азийн өв соёлын төвийн төлөөлөл 17 эрдэмтэн, судлаач оролцож, 15 илтгэлийг хэлэлцүүллээ.

ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б. Нямгомбо энэ үеэр "Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн түүхт ой ирэх долоодугаар сард тохионо. Тиймээс бид уг ойгоо угтан эрдэм шинжилгээний хурлыг байгуулж байна.
Манай байгууллагад 1921 оноос хойшхи дагаж мөрдөж буй хууль эрх зүйн суурь судалгаанууд бүрэн байдаг. Харин 1921 оноос өмнөх ямар ч судалгаа байхгүй учир 105 жилийн ойгоо угтан Шинжлэх ухааны академид захиалга өгч, МЭӨ III зуунаас эртний Хүннү, Сяамби, Түрэг, Жүжан, Уйгар, Кидан үеийн ял шийтгэлийн бодлого ямар байсан, түүнээс хойш XIII зуун Их Монгол Улс, Юан гүрэн, Монгол-Ойрадын үе, Манжийн үеүүдэд хэрэгжиж байсан хууль тогтоомж, түүний хэрэгжилт ямар байсан талаар мэргэжлийн судлаачдыг цуглуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Судлаачид маш олон сонирхолтой баримтыг дурдаж байна. Тиймээс энэ үеийн суурь судалгааг дахин цуглуулж, түүхийн архив үүсгэх зорилготой байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад зууны түүхийн салбарын эрхлэгч Л.Ганбат:
Өнөөдрийн хурлаар Монголын Эзэнт гүрний үеийн хууль цаазын талаарх илтгэлээ хэлэлцүүллээ. Монголын эзэнт гүрэн өргөн уудам нутагтай, олон угсаатныг нэгтгэж захирч байсан учраас өвөрмөц онцлогтой хууль цаазтай байсан. Чингис хаан энэ улсыг байгуулсан цагаас эхлэн "Их Засаг" хууль нь хамгийн хүчин төгөлдөр үйлчилдэг байсан.
"Монголын нууц товчоо", "Судрын чулуу" зэрэг голлох тулгуур сурвалжууд дээр ч ял шийтгэл, хуультай холбоотой зүйл их байдаг. Хөгжлийн явцдаа дөрвөн улсад хуваагдсан хэдий ч Их Засаг хууль гол хууль болон хэрэгжиж явсан баримтууд байна. Жишээлбэл Юан Улсын үед зодож шийтгэх, цөлөх, цаазаар авах зэрэг таван үндсэн ялыг оноодог байжээ. Энэ үеийн ял шийтгэл оноох нь уян хатан байсан учраас удаан хугацаанд тогтсон гэж хэлж болно.

Тус эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүд нь Монголын хууль цаазын түүхийн бүдгэрсэн хуудсыг тодруулж, судалгааны шинэ эх сурвалжуудыг албан ёсны эргэлтэд оруулахад чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, гаргасан санал зөвлөмжүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого боловсруулалт, цаашдын шинэчлэлд үнэтэй хөтөч болно гэж судлаачид үзлээ.





