Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг дахь “Довын гуанз” гэх газарт хоёр суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, нэг иргэн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна.
Тодруулбал, ослын талаарх дуудлага 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид шуурхай ажилласан байна.
Осолд Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б жолоолж явсан дөрвөн зорчигчтой суудлын автомашин болон Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын суудлын автомашин мөргөлджээ.
Мөргөлдөөний улмаас “Toyota Prius Alpha” автомашины зорчигч, 54 настай эрэгтэй иргэн Г зүүн хөлөөрөө автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврагчид ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.
