“Цагдаа миний нүдээр-Аюулгүй ирээдүй” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Цагдаа миний нүдээр-Аюулгүй ирээдүй” гар зургийн уралдааны үзэсгэлэнг зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.05.28/ Монголын уран зургийн галерейд болж, Стратеги, бодлого, инноваци хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа С.Тайван, Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан болон алба хаагчид, хүүхэд, багачууд оролцлоо.

Уралдааны бүтээлүүдийг Хүүхдийн урлан бүтээх төвийн Дизайн урлагийн багш, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч С.Энхбаатар сэдвийн агуулга, хэмжээ, зохиомж, өнгө будгийн хослол, уран чадвар болон гүйцэтгэлээр нас, насны ангилалд тохирсон шалгуур нөхцөлөөр тодруулсан юм. Уралдаан 4-6, 7-10, 11-14, 15-18 гэсэн насны ангиллаар явагдаж 1200 орчим бүтээл ирүүлснээс шилдгүүдээ шалгаруулав.
Өөрийн мэдрэмж, уран сэтгэмж, оюун ухаан, чин сэтгэлээ шингээн уран бүтээлээ илгээсэн нийт хүүхэд, багачууддаа баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.
Хүүхэд бүр эрүүл саруул, аз жаргалтай, аюулгүй нийгэмд өсөж торних болтугай.








