Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж 2 сая хуудас цаас хэмнэжээ

Нийслэлийн 2025–2026 оны цахим шилжилтийн бодлогын хүрээнд боловсролын салбарын томоохон төлөөллүүд баримт бичиг, тэр дундаа сургалтын төрлийн гэрээг цахимжуулж, бодит үр дүнд хүрээд байна.
Нийслэлийн захирагчийн ажлын албаны зүгээс төрийн үйлчилгээний хүртээмж, хурд, чанарыг сайжруулах зорилгын хүрээнд “Цахим үйлчилгээ + Цаасгүй төр + Өгөгдөлд суурилсан удирдлага” гэсэн чиглэлийг баримтлан ажиллаж буй юм.
Энэ хүрээнд боловсролын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дотоод, гадаад баримт бичгийг цахим орчинд үүсгэх, илгээх, баталгаажуулах, хадгалах цогц системийг ашиглаж хэвшээд байна. Тухайлбал, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг олон байгууллага багтаж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх байгууллагууд суралцагч, эцэг эх, багш ажилтантай байгуулдаг мянга, мянган гэрээг цахим хэлбэрт шилжүүлснээр 2 сая орчим А4 цаас хэмнэсэн бөгөөд ойролцоогоор 300–500 модыг хамгаалсантай дүйцэхүйц үр дүн юм.
Өмнө нь ийм төрлийн гэрээ, хэлцэл нэг бүрийг олон хувь хэвлэж, гарын үсэг цуглуулан, архивлах шаардлагатай байсан бол цахим орчинд тэдгээр бүх үйл явц бүрэн автоматжиж, цаг хугацаа, зардал, хүний нөөцийн хэмнэлт бий болжээ. Мөн давхардсан баримт бичиг, гар ажиллагаанаас үүдэлтэй алдааны эрсдэл мэдэгдэхүйц түвшинд буурсан байна.
Цахим гэрээ нь зөвхөн байгаль орчинд ээлтэй шийдэл төдийгүй байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын байрыг илүү ухаалаг, үр ашигтай болгох шинэ стандарт болж байгааг салбарынхан онцолж байна.
Гэсэн хэдий ч зарим байгууллага уламжлалт цаасан хэлбэрээр ажилласаар байгаа нь цахим шилжилтийг эрчимжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Иймд бодит үр дүнг олон нийтэд түгээж, сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал хэвээр байна.
Боловсролын салбарт өрнөж буй энэхүү цахим шилжилт нь “Ухаалаг хот”-ын зорилтод хүрэх бүтэн салбарын ухаалаг шийдэл бөгөөд цаашид тус салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах суурь болж байна.
