АУДИТ: “Авто замын засвар арчлалтын нэгтгэл“ ТӨХК-иас ₮33 тэрбумын АЛДАА, ЗӨРЧИЛ илэрчээ

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 13-нд "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.
Тодруулбал, аудитаар нийт 33 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд 32 сая төгрөгийн 11 төлбөрийн акт тогтоож, 27 сая төгрөгийн 22 албан шаардлага хүргүүлж, 6,1 тэрбум төгрөгийн 26 зөвлөмж өгчээ.
Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс 33,2 тэрбум төгрөгийн залруулагдаагүй алдаа болон зөрчил нь тогтоосон материаллаг байдлын түвшнээс 32,6 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт тавьжээ.
Тухайлбал, Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах зөвлөмжийн дүнг 408 сая төгрөгөөр нэмэгдүүлж хууль зөрчин гэрээ байгуулжээ.
Тодруулбал, шатахуун, тос, масло нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны хурлаар Шунхлайтрейдинг ХХК, Шунхлай ХХК уудын түншлэлийг шалгаруулж нийт 6,3 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн байна. Гэтэл гэрээний дүнг үнэлгээний хорооны зөвлөмжөөс 408 сая төгрөгөөр нэмэгдүүлж гэрээг байгуулжээ.
Мөн машин механизмын сэлбэг хэрэгсэл, материал худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтад шалгарсан 6 компанийн гэрээний үнийн дүнгийн 20 хувиас илүү 137.3 сая төгрөгийн худалдан авалт хийсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.
Өөрөөр хэлбэл, хууль зөрчин гэрээний дүнгээс илүү худалдан авалт хийдэг зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Наранбат 2023 оны 11 дүгээр сараас томилогдон ажиллаж байсныг саяхан чөлөөлж, 2026 оны 04 дүгээр сард шинэ гүйцэтгэх захирлаар Дашдорж Баярдоржыг томилогдон ажиллаж буй.
