Гэрээс нь их хэмжээний валют олдсон “ЭХҮТ“ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг 30 сая төгрөгөөр торголоо

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагыг АТГ-аас шалгалт хийж, өнгөрсөн нэгдүгээр сард цагдан хориод байсан. Улмаар тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан байдаг.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал болж, шүүхээс “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.
Ингэхдээ Д.Бямбасүрэнгийн төлөх 30 сая төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Ц.Мөнхбаярын төлөх 3.9 сая төгрөгийн 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг эргэн сануулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Эс Жи групп” ХХК аж ахуй нэгж нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан. Гэвч дээрх нэр бүхий аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ барилга, угсралтын ажлыг дуусгаж холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

