Төслийн сонгон шалгаруулалт ирэх долоо хоногоос эхэлнэ
Өнөөдөр Хангарьд ордны 11 давхарт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ерөнхий төлөвлөгөөнд орсон эхний 21 барилгын ажил эхлэхтэй холбоотой Ерөнхий төлөвлөлтийн газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилга байгаагаас эхний ээлжинд 21 барилгыг дахин төлөвлөлтөнд оруулахаар болоод байна. Нийт 560 гаруй айл энэ удаагийн дахин төлөвлөлтөнд орж байгаа. Эхний ээлжинд тус 21 барилгын СӨХ, ард иргэдтэй уулзаж иргэдийн санал хүсэлтийг авч ирэх долоо хоногоос төслийн сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг хоёр, гуравдугаар ээлжинд оруулах ажил үргэлжилж байна.” хэмээлээ.
Дахин төлөвлөн барилгажуулах гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн Монгол улсын үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хуулийн 15.1 зүйлд заасан эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэн, төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах шинээр барих үйл ажиллагааг хэлдэг бөгөөд иргэн, хуулийн этгээд нь өөрийн саналаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэх юм байна. Тухайн саналыг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь биет үзлэг хийж өөрийн шийдвэрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоосон дүгнэлт, шийдвэрийг Нийслэлийн засаг даргаар гаргуулах юм байна. Ингэснээр мэдэгдэх хуудсыг оршин суугчдад хүргүүлж дахин төлөвлөлтийг тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дэмжээгүй тохиолдолд төсөл хэрэгжихгүй бөгөөд тухайн барилгыг цаашид ашигласны улмаас нийт сууц өмчлөгчдөд болон бусад этгээдэд хохирлыг төслийг дэмжээгүй сууц өмчлөгчид хариуцах юм байна. Мөн цаашид уг барилгад улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар их засвар, сэргээн засварлах, орон сууцны нөхцлийг сайжруулах зэрэг ажил хийгдэхгүй болно.
Харин төсөлд оролцохоор болсон тохиолдолд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах юм байна. Төслийн баталгааг орон сууцны тухай хуулийн дагуу төсөл хэрэгжиж дуусах хүртэл тухайн орон сууцны доорх газар нь төрийн мэдэлд байж, дэд бүтцийн хөрөнгийг нийслэлээс шийдэж, барилга барих, буулгах ажлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцаж ажиллах юм байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга нь сууц өмчлөгч хөрөнгө оруулагч талуудтай гурван талт гэрээ байгуулж тус гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэх юм байна. Энэ хугацаанд иргэдийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас орон байраар хангах бөгөөд сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байх юм байна.