Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ боллоо

Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа нь дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.04.30/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, мөн Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн эх орныхоо дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэх хүсэлтэй 88 хугацаат цэргийн алба хаагч цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар хүсэлт гарган, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа. Тэд цаашид Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд нэгдэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх юм.
Эр цэргийн албаа нэр төртэй хаасан Та бүхнээр нутаг ус, аав ээж, ахан дүүс тань бахархаж байна. Эх оронч үзлийн гал голомтыг бадрааж, ажил амьдралынхаа шинэ гарааг зорилго, итгэл дүүрэн эхлүүлж буй Та бүхэнд халуун баяр хүргэе.
















