Хүний эрүүл мэндэд хамгийн хортой 9.2 килограмм мөнгөн ус хураан авчээ

БГД-ийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд бусдад худалдан борлуулах зорилгоор 9.2 килограмм мөнгөн ус хадгалж байсныг Экологийн цагдаагийн алба хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хүрээлэн буй орчинд задардаггүй, хэлбэрээ өөрчилж хорт чанар нь өөрчлөгддөг мөнгөн усыг ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамааруулдаг юм.
Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон эхийн сүүгээр дамжин нярай хүүхдийг хордуулж, хараа сонсголын бэрхшээлтэй, оюун ухааны хомсдол, саажилтай болгодог онцгой аюултай аж.
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.

