Нийгмийн даатгалын мэдээллийг ШУУРХАЙ ХҮРГЭХ лавлах утасны үйлчилгээний ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

Нийгмийн даатгалын байгууллага нь иргэд, даатгуулагчид, ажил олгогч, харилцагчдад нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2024 оноос “CallPro” ХХК-тай хамтран “CALLPRO VOICE” үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Гэвч иргэдийн дуудлага алдалтын түвшин төдийлөн буурахгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлэх, дуудлагын хүлээгдэл болон алдалтыг бууруулах, мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломж, шийдлийн талаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батсүх, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Даваахүү нар болон “CallPro” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Аягүль, борлуулалт хариуцсан менежер Г.Баасанжаргал нар оролцлоо.
Уулзалтаар талууд шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ, системийн хөгжүүлэлтийн чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэх талаар санал нэгдлээ. Мөн энэ үеэр дуудлага алдалтын шалтгаан, нөхцөлийг нарийвчлан тодорхойлох зорилгоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох албан хаагчид ажиллаж, мэдээлэл солилцон, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн юм.








