Д.Будзаан: Бусдыг дээрэлхэж, улмаар хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэл жил хорих ялтай

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

НЦУГ-аас хүүхэд өртөж хохирсон болон үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, тоон мэдээлэл болон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ хүрээнд "Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нэртэй мэдээлэл нөлөөллийн ажлыг тавдугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулах аж.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан  "2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 2300 орчим бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 530 орчим хэргээр буурсан үзүүлэлт юм.

Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд 500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сая гарсан хэрэгт холбогдох хариуцлагын хувьд бусдын биед гэмтэл учруулах, цахим төхөөрөмж ашиглан гэмт хэрэг зөрчил үйлдэх, бусдын нууц мэдээллийг задруулах, олон нийтийн газар танхайрах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.  Дээрэлхэлтийн гэмт хэрэг үйлдэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэлх жилийн хорих ял онооно, зөрчлийн шинжтэй бол торгох арга хэмжээ авч шийдвэрлэдэг" гэлээ.

Мөн тэрбээр, " Хохирогч хүүхдүүд хамран сурах сургуульдаа сурахгүй байх, тогтворгүй болох, шилжин сурах хүсэлт гаргах зэргээр олон хор уршиг үүсдэг. Иймд урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас "365 анхаарч хайрлая" гэх мэдээлэл нөлөөллийн төслийг 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үргэлжлэл болгоод “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нэртэй мэдээлэл нөлөөллийн ажлыг тавдугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулах юм. Бусдыг дээрэлхдэг, нэр хүндэд нь халддаг, доромжилдог асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, эрчимжүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг явуулна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668381
0 эможи

keyboard_arrow_up