ШУУРХАЙ: Бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саямааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагч Д.С-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

