Дэлхийн адууны өдөр ба Horse diplomacy

Дэлхийн адууны үүсэл нь эрт дээр үеэс хүн төрөлхтний аж амьдрал, соёл иргэншил, нүүдлийн аж ахуйтай нягт холбоотой, бидний хөгжил дэвшил, соёл иргэншилд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн амьтан билээ. Хүн төрөлхтөн бараг 7000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэсэн мэдээлэл байдаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр 2025 онд дэлхий дээр 58 сая гаруй адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм. Адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу илүү чухал үүрэгтэй юм. Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой, үүлдэр угсаа, аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байна.
Иймд эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын зүгээс энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачлан улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.

Дэлхийн адууны өдөртэй болох санаачилгыг адууны эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улс анх гаргаж уг тогтоолд 56 орон нэгдэж хамтран санаачлагч болсон бөгөөд тогтоолыг батлахад НҮБ-ын гишүүн 169 улс дэмжиж баталжээ. Хурлын үеэр Монгол улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Дэлхийн адууны өдрийн тогтоолын төслийг танилцуулахдаа тээвэр, газар тариалан, уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэгт адуу тун чухал болохыг мөн монгол нүүдэлчдийн соёлд адуу маш чухал байр суурь эзэлдэг, монголчууд адуугаа ихэд хүндлэн дээдэлдгийг, Монгол улс дэлхийд хамгийн олон адуутай орнуудын нэг болохыг онцолжээ. Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалах зэрэгт уг дэлхийн адууны өдөр өндөр ач холбогдолтой. Энэхүү шийдвэр нь Монгол Улсыг нүүдэлчин, морьтон соёлын төв гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдал болсон юм.
Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн адууны нийт 250 гаруй үүлдрийн дотор монгол адууг неолитын үед бие даан гаршуулсан болохыг холбогдох эх сурвалжид тэмдэглэжээ. Монгол адуу нь тахьтай (Equus ferus przewalskii) генетикийн хувьд холбоотой, хамгийн эртний, цэвэр цусны үүлдэр бөгөөд Төв Азийн нүүдэлчид анх уналга, ачилга эдэлгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй.
Хэдэн мянган жилийн тэртээгээс төв Азийн цээжинд нутагласаар ирсэн уудам тал нутгийн малчин монгол хүн, морь хоёр хамтдаа энэ дэлхий дээр тэнгэрийн хаяа, газрын дайд хүртэл бэрхшээл бүхнийг сөрж оршин тогтнож ирсэн билээ. Тэртээ 1235 онд Өгэдэй хаан адуун сүргийг дархан цаазтай болгож, үүнээс 30 жилийн дараа Хубилай хаан Адууны яам байгуулж байсныг түүхийн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Түүнээс ч өмнө Чингис хааны Их засаг хуульд адуун сүрэг, эрдэнэт хүлгийн талаар тусгайлан заасан хэд хэдэн заалт бий.
Монгол морь бол монголчуудыг үүсэн бий болсон цагаас эхлэн ямагт хамт явж, хөлийг нь дөрөөнд хүргэсэн шандаст хүлэг, сайн нөхөр нь юм. Монгол морь, монголчуудын амьдрал, тэмцэлтэй салшгүй холбоотой тул морьдоо бид монгол төрийн молор эрдэнэ хэмээн шүтэж, төрийн сүлдэнд залсаар иржээ.
Монголчууд бид хүндэт зочиндоо гардан барьдаг эрхэм дээд бэлэг нь хүлэг сайн морь билээ. Энэ нь нэг талаараа хүндлэл чин сэтгэл бол бас элэгсэг дотно харилцааг илэрхийлсэн монгол хүний андлахуйн дээд хэлбэр юм.
Тал нутгийн эрдэмт уяачид сайхан монгол эрчүүд нэгэндээ хурдан хурц морьдоо бэлэглэдэг сайхан уламжлалыг өнөө хүртэл хадгалсаар ирсэн нь бахархууштай.
Манай улс төр засгийн хэмжээнд нь гадаадын хүндэт зочдодоо монгол хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон хүлэг сайн морь бэлэглэдэг, энэ нь нэг ёсны horse diplomacy хэмжээнд уламжлал болжээ.
800 зууны тэртээ Чингис хаан анд нөхөр Боорчдоо хайртай 8 шарга морьдоосоо бэлэглэе хэмээж байсан бол Их Монгол улсын үед гадаадын элч нар олон сайн агт морьдоо Монголын их хаанд олонтоо бэлэглэж эв найрамдлыг билэгдэж байжээ.
Орчин цагийн Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд мөн л олон удаагийн төрийн дээд түвшний айлчлалын үед хүндэт зочиндоо хүлэг сайн морь бэлэглэж ирсэн түүхүүд цөөнгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д морь бэлэглэж уг моринд “ итгэл найдвар” гэж нэр өгч байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүд морь бэлэглэж энэ нь бүс нутгийн нөлөөллийг тэнцвэржүүлэх, томоохон улс гүрэнтэй харилцаагаа бэхжүүлж, олон улсын анхаарлыг ихээхэн татсан үйл явдал хэмээгдэж байв.
2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хос цоохор морьд бэлэглэн манай хоёр улсын уул усаараа холбогдсон найрсаг хөршийн харилцааг бэлгэдэн морьдод Алтай, Хэрлэн гэж нэр өгсөн билээ.

Дэлхий дахинд ч гэсэн эрт үеэс хүлэг сайн морийг дипломат бэлэг болгож иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Улисс С. Грантад 1878 онд Османы эзэнт гүрний султан Абдул Хамид II хоёр Араб азарга бэлэглэсэн түүхтэй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганд гадаад улсаас цэвэр цусны араб азарга бэлэглэж, түүнийгээ ферм дээрээ унах дуртай байжээ.
2018 онд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадын "Panda Power"-ийн дипломат бэлгийн хариуд Франц-Хятадын харилцааг улам эрчимжүүлэх зорилготой Horse diplomacy алхам хийж БНХАУ-ын дарга Ши Жиньпинд морин цэргийн жагсаалын морь бэлэглэж байв.
Хатан хаан II Элизабетэд Дубайн Шейх, Саудын Араб, Бахрейн, Йемений төр засгийн тэргүүн нараас олон тооны Араб үүлдрийн морьд бэлэглэж байжээ. 1946 онд ЗХУ-ын удирдагч Сталин АНУ-ын Элчин сайд Аверелл Харриман болон түүний охин Кэтлин нарт цэргийн хоёр морь бэлэглэсэн нь түүхэнд тодоор бичигддэг.
Пакистан нь Арабын Нэгдсэн Эмират Улс болон Катартай дипломат болон хоёр талын харилцаагаа сайжруулах зорилгоор хурдан удмын морь бэлэглэж байсан бол Азербайжан, Туркменистаны морин спортын хамтын ажиллагаа зэрэг морь харилцан бэлэглэх энэ аргыг хүндэтгэл үзүүлэх, хамтын ажиллагаа харилцан ойлголцол буй болгох зорилготой үр дүнтэй олон удаагийн horse diplomacy хэрэгжиж өнөө ч гэсэн ашигладаг хэвээр байна.
Horse diplomacy буюу Морины дипломат ажиллагаа нь хоёр талын харилцааг бэхжүүлэх, итгэлцлийг бий болгох, соёлын солилцоог хөгжүүлэх зорилготой морийг өндөр дээд түвшний дипломат бэлэг, сайхан сэтгэлийн бэлгэдэл болгохыг өгүүлж буй хэрэг. Мөн хамгийн чухал нь адууны соёл, морин спортын хамтын ажиллагааг талууд хамтран хэрэгжүүлснээр хоёр талын харилцан ойлголцол соёлын харилцааг өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдөр нь цаашид монгол ахуй соёлыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлах, дэлхий дахинаа монгол адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, морин спорт аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад сурталчилгааны брэнд болох төдийгүй манай Монгол Улсын олон улсын харилцааны horse diplomacy үйл ажиллагаа улам төгөлдөрших эхлэлийг түүчээлж байна.
Олон улс судлалын доктор Х.Баатархүү

