ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монголын хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн өсвөрийн баг тамирчдийг хүлээн авч уулзлаа

2014 оны 8 сарын 06

 Швед улсын Гётеборг  хотноо зохиогдсон  “Gothia Cup-2014” олон улсын тэмцээнээс  хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.  Тус клубээс  уг нэр хүндтэй тэмцээнд 2 баг оролцсон бөгөөд  16 насны өсвөрийн баг тамирчид Б хэсэгтээ  Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч энэхүү амжилтыг үзүүлсэн байна.

 Сайд Ц.Оюунгэрэл Монгол хөлбөмбөгийн түүхэнд маш том амжилт үзүүлсэн хүүхдүүддээ талархлаа. Өнөөдөр та нарын энэхүү амжилтаар монголчууд бид ирээдүй хойчдоо итгэж байна. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийн амжилтыг үнэллэж байна. Үеийнхэндээ та нар улам их урам зоригийг өгч чадлаа. Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хөлбөмбөгийн спорт хөгжиж байна. Энэ хэрээр хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүдийн тоо улам их болж байна. Монголын багийн спортын хөгжлийг өсвөрийн тамирчид маань харуулж байгаад баяртай байна." гэв.

 “Дэрэн"клубын захиралГ.Мөнхчулуун “2008 оноос клуб маань байгуулагдсан. Анх 17 настай хүүхдүүдийг элсүүлж авсан ч амжилт олоогүй. Тэгээд 2009 оноос Япон хөрөнгө оруулагчидтай хамтран клубээ "Дэрэн Сумида" нэртэй болгоод хүүхдүүдийг бүр бага наснаас нь хичээллүүлж эхэлсэн. Одоо байгаа тамирчдаас хамгийн том нь 16, 17-тай хүүхдүүд байгаа. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд тоглоод байнгын бэлтгэлтэйбайдаг.Өдөрт хоёр цагийн бэлтгэлийг хүүхдүүд маань тогтмол хийж хэвшсэн.Хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг харж байгаад бэлтгэлийгцагийг нь тохируулдаг.Дулааны улиралд харьцангуй амар. Өвөл заал олддоггүй учраас сургуулиудын зааланд хичээл эхлэхээс өмнө 07.00 цагаас бэлтгэлээ хийнэ. Одоогоор Хан-Уул дүүргийн зааланд бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлдээ ирэхийн тулд холоос ирдэг хүүхдүүд ч бий. Биокомбинат, Яармаг, Нисэх болон Шувуун фабрикаас хүүхдүүд маань ирж бэлтгэлээ хийдэг.

            Зун бүр Шведэд сарын хугацаанд дөрвөн тэмцээн болдог. Бид тэнд байх хугацаанд гурван тэмцээнд оролцсон. Шведийн хотуудад цувралаар болдог хоёр тэмцээнд оролцсны дараа гол тэмцээн болох "Gothia Cup"-д оролцож, хүссэн амжилтаа үзүүллээ. Долдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээн болсон. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд “FC Deren Sumida" клубийн хоёр баг оролцсон. 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан. Манай багийн хувьд 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарсан. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, "А" хэсэгт өрсөлдөх эрхийг авсан. "А" хэсэгт хэсэг бүрийн эхний хоёр багууд нийлээд 90 баг, "В" хэсэгт 91-190 багууд багтсан. Манай баг “В” хэсэгт Энэтхэгийн "Phonenix Sports" клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, эхний хожлоо авсан. Цааш 1/32-т Шведийн "IFK Umeå" багийг 7-5-аар, 1/16-ийн тоглолтод Германы "TSV Buchholz 08" багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарсан. Норвегийн "IL Bjarg" багийг 3-1-ээр хожиж, хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн болзол хангасан. Бас энд 12 настай баг маань сайн оролцсоныг дурдах хэрэгтэй. "Gothia Cup" тэмцээнд хэсгээсээ шалгарсан ч хасагдах шатанд Германы багт хожигдож, цааш тоглох боломжгүй болсон. Гэхдээ 12 настай баг маань Гётеборг хотноо болсон “Gothia Cup”-аас өмнө бусад өөр хоёр хотод болсон тэмцээнд амжилттай тоглож, V-VIII байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн. Мөн 12 настай А.Дөлгөөн 15 тоглолтод хийхдээ 31 гоолийг хийсэн байгаа. Түүний амжилтыг Европын дасгалжуулагчид магтаж байсныг хэлэх хэрэгтэй байна.

        Олон жил хүүхдүүд маань энэхүү амжилтын төлөө явсан болохоор бид сэтгэл хангалуун байна. Хүүхдүүд хөлбөмбөгт дуртайдаа л бэлтгэлдээ өглөөний 5-6 цагт ирдэг үе байсан. Өнөөдөр эргэн харахад бидний амжилт чамлахааргүй байна. Энэ хугацаанд дотооддоо олон тэмцээн уралдаанд орж, амжилтаа ахиулж байлаа. Тэр их зорилгын маань нэгээхэн хэсэг Шведийн тэмцээнээс харагдлаа.

          Тус багийн дасгалжуулагч Ц.Отгонбаяр “Бид хөл бөмбөгийн спортоор дамжуулан хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлж байгаа маань хамгийн том үр дүн юм. Эдгээр хүүхдүүд маань 6 жилийн турш хамтдаа бэлтгэл хийсээр  баг хамт олон болж нэгдэж чадсан. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн энэ тэмцээнээс тодорч байгаа юм.” хэмээлээ. Харин тамирчин хүүхдүүд маань тууштай бэлгэл хийснээр амжилтад хүрч чаддаг болохоо сайд Ц.Оюунгэрэлд танилцуулан санал сэтгэгдлээ хуваалцсан юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6677
0 эможи
keyboard_arrow_up