Катарын морин спортын холбооны Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш “Дэлхийн адууны фестифальд” биечлэн оролцохоо мэдэгдэв

Элчин сайд П.Сэргэлэн Катарын морин спортын холбоо, орчин үеийн пантетлоны холбооны Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш-тай Доха хотноо 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд спорт, тэр дундаа морин спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.
Элчин сайд П.Сэргэлэн Монголын ард түмний төрт ёс, нүүдлийн соёл иргэншил, үндэсний өв уламжлалд морь онцгой байр суурь эзэлдэг болохыг тэмдэглээд Монголын уламжлалт үндэсний хурдан морины уралдаан, морин тойруулгын уралдаан, морин спортын төрлүүдийг танилцуулж, энэ чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” (World Horse Day) тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан тухай мэдээлж, энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсныг тэмдэглэж,
НҮБ-ын тогтоолын хамтран зохион байгуулагчаар оролцсон Катар Улсын төлөөлөгчдийг Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн адууны фестифальд оролцохыг албан ёсоор урив.
Катарын Морин спортын холбоо, орчин үеийн пянтатлоны холбооны Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш Катар Улс морин спорт, морь үржүүлэг, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэх байр суурь эзэлдгийг тэмдэглээд, Монгол Улстай морин спортын тамирчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна монголын хурдан морины уяачид, тамирчид, дасгалжуулагчдыг Катар Улсад хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд биечлэн оролцохоо нотлов.
Талууд цаашид монголын уламжлалт үндэсний хурдан морины уралдаан, морин тойруулгын уралдаан, морин спорт болон соёлын арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжийг судлахаар тохиролцов.

