Цэргийн сониноос СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН төрлөө

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МЗЭ-ийн шагналт, зохиолч, бэлтгэл дэд хурандаа Гомбын Баатарнумд “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртээлээ.
Түүнийг гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхон болон “Соёмбо” редакцын хамт олон халуун дотноор угтан авч, баяр хүргэлээ.
1987 онд “Улаан Од” сонинд анхны мэдээгээ нийтлүүлэн Гомбын Баатарнум гэдэг нэр уншигчдад танигдсанаас хойш тэрээр өнөөдрийг хүртэл Монголын сэтгүүл зүйн тогоонд чанагдаж, “Улаанбаатар сонин”, Цэргийн төв хэвлэл буюу “Соёмбо” сонинд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Тэрээр баярт мөчөө хуваалцахдаа “Айсуй гал морин жилд ижий минь 99 насыг зооглож, хүү нь энэхүү эрхэм хүндтэй цолыг хүртсэн давхар баяр тохиож байна. Төр, засаг Батлан хамгаалах салбар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, Монголын Артиллерийн цэргийн холбоо, МСНЭ, Цэргийн сониныхоо хамт олны дэмжлэгээр энэ цолыг хүртсэндээ баяртай байна. Та бүхэндээ талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.
Ингэснээр бэлтгэл хурандаа Г.Баатарнум нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний гавьяатуудыг эгнээг тэлж, Цэргийн сонины 13 дахь гавьяат боллоо.





