Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр, ОСНААУГ тэргүүтэй 12 байгууллага амрахгүй ажиллана
2026 оны 2 сарын 16

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэн ажиллана. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулах аж.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө.
- Гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх,
- Дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх,
- Нийслэлийн хэмжээнд гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх,
- Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх,
- Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулахыг үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667606
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
