“Бидний манлайлал-Чанартай боловсрол” зөвлөгөөнд ДХИС-ийн 250 гаруй багш, мэргэжилтнүүд оролцож байна

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Тус зөвлөгөөн нь Их сургуулийн багшийн хүний нөөцийг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн нэр хүнд, үнэлэмж, нийгмийн баталгааг хангахад тулгарч буй асуудал бэрхшээлийг хэлэлцэж, хамтын нэгдсэн шийдэл гаргах зорилготой юм.

Зөвлөгөөнийг нээж Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ “Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг мэргэжилтнээс тухайн байгууллагын, салбарын, улсын хөгжил шууд хамаардаг. Тиймээс багш хүн ямагт мэдлэг боловсролоо дээшлүүлж, шинийг санаачлан судалгааны ажил, сургалтын арга зүйгээ шинэчлэн тасралтгүй хөгжих учиртай. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрдэм боловсролтой Монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаж, , энэ хүрээнд олон ажлыг эхлүүлсэн. Сайн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх гаргахын тулд бид өндөр мэдлэгтэй, ёс суртахуунтай, боловсролтой байх ёстой. Тиймээс энэ онд багшийн мэдлэг, ажиллах орчинг анхаарч, технологийн дэвшлийг сургуульдаа нэвтрүүлэн ажиллана” гэдгийг энэ үеэр онцоллоо.

ДХИС нь төрийн тусгай байгууллага буюу цагдаа, шүүхийн шийдвэр, хил хамгаалах байгууллага, шүүх шинжилгээ, онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг тул төгсөгч нар нь захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцсэн байх шаардлагатай байдаг. Тиймээс чанартай багшаас чанартай шавь төрнө гэж үзэж, суралцахуйн үр дүн, заах арга зүйд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар ДХИС-ийн дэд бөгөөд Сургалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр хэлж байлаа.

Зөвлөгөөний эхний өдөр багш нар “Бид ямар багш байхыг зорьж байна вэ?” сэдвийн хүрээнд байгууллагын өнөөдрийн амжилт, өөрчлөлт, цаашдын ирээдүйн талаар хэлэлцэх юм. Харин маргааш “Бид ямар дүрэм, стандартаар ажиллах вэ” сэдвээр зөвлөгөөн үргэлжилнэ.



















