“Pokerrr2“ аппликэйшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 860 хэрэг шинээр нээж, 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тодруулбал, О.З, Т.Б, Д.Т нар нь "Pokerrr2" аппликэйшн ашиглан “Lion Club” гэх нэртэй клуб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу цахим покер тоглоомыг зохион байгуулсан, улмаар уг ажиллагаанаас олсон ашгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
