Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Олныг цочроосон гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд яг одоо хаалттай үргэлжилж байна.
Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хандан “Өнөөдрийн шүүх хурлын ирцийг танилцуулахад манай үйлчлүүлэгч Э.Н болон Э.Г нарыг шүүгдэгч гэж танилцууллаа. Тэднийг шүүгдэгчээр эсвэл хохирогчоор оролцож байгааг тодруулна уу” гэж асуув.
Хэргийн эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан.
Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаагаад байсан юм. Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлээд байна. Түүнчлэн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад байгаа юм.

