ЦАГ АГААР: Ойрын 3-4 хоногтоо хүйтэн хэвээр байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргажээ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хэвээр байна.
Нэгдүгээр сарын 22- 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нэгдүгээр сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.
Хүйтэн өдрүүд ойрын 3-4 хоногтоо үргэлжлэх тул хүйтэн цаг агаарт тохируулж хувцаслах, ичлэг сайтай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар гадаа байхгүй байх зэргээр болзошгүй эрсдлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалаарай. Мөн:
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах, хасах градуст аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах
- Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах
- Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах
- Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх
- Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдлийг нэмэгдүүлдэг тул аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах
- Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
Эх сурвалж: ЦУОШГ
