ШУУРХАЙ: Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болжээ

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг АТГ-аас эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байсан.
Тэгвэл өнөөдөр Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болжээ.
Түүний хувьд 2020 онд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Хамгийн сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдoод байгаа билээ.
Хэргийг тодруулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.
Энэ тухай шүүхийн шийдвэрт:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Н.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Тус шүүхэд яллагдагч Н.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагчийг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч Н.Тавинбэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно гэжээ.

