М.Батсайхан: 2025 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол 20,7 хувиар, хүүхэд өртсөн осол 22,9 хувиар буурсан

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө боллоо.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны дарга М.Батсайхан "Манай алба нь улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилладаг.
Бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг шинээр байгуулж, орон нутагт Хөдөлгөөнт хяналтын тасгийг ажиллуулснаар нийслэл болон Улаанбаатар хотоос гадагш 150 км радиуст 24 цагийн тасралтгүй хяналтыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зам тээврийн осол 14.7 хувиар, хүний амь нас хохирсон тохиолдол 37.9 хувиар буурсан бодит үр дүн гарлаа.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, мопед, скүүтер, суррон тээврийн хэрэгслийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон нь онцлох ажил байв.
Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, хиймэл оюун ухаанд суурилсан AI бүхий дэвшилтэд камерын технологи, системийг өргөжүүлэх, зохион байгуулалтын шинэчлэл хийх зэрэг нь өнөөдрийн бодит өөрчлөлт, ирээдүйн суурь болж байна.
Мөн инновац, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камер, POLICE 102 аппликейшн, X-GPS Tracker, робот цагдаа зэрэг шийдлүүдийг ашиглалтад оруулснаар дуудлага мэдээлэлд очих дундаж хугацааг 25 минутаас 9.8 минут болгон бууруулсан.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дүрмээ мөрдье”, “Уусан бол бүү жолоод” зэрэг нөлөөллийн ажлуудыг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулж, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлсний үр дүнд 2025 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол -20.7, хүүхэд өртсөн осол -22.9 хувиар тус тус буурсан эерэг үр дүн гарсан.
Цаашид Тээврийн цагдаагийн алба нь 2026 оныг “Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлаж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах болно гэдгийг энэ үеэр онцоллоо.

