Б.Оюутболд: Алба хаагчид шүүхийн байгууллагаруу цахимаар материал илгээх, шүүх хуралдаанд оролцогчдыг цахимаар оролцуулах боломж бүрдсэн

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн оны ажлын үр дүн, гүйцэтгэлээ дүгнэж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замаа тодорхойлж, шинэлэг техник, технологид тулгуурлаж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх удирдлагын түвшинд хэлэлцэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтыг тодорхойлох нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж байна.
Энэ үеэр ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлсэн үгэндээ "2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ШЕЗ болон шүүх байгууллагаас Шүүхийн цахим цөм системийг Монгол Улс даяар нэвтрүүлсэн. Ингэснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нийт эрх бүхий албан тушаалтнууд мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогч нар бүхий л үйл ажиллагаанд цахимаар оролцох боломж бүрдсэн.
Өөрөөр хэлбэл монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж буй мөрдөгч нар цахимаар хэргийн материалыг шүүхрүү илгээх, шүүх хуралдаанд оролцогчдыг цахимаар оролцуулах боломж бүрдсэн гэсэн үг юм. Үүнээс гадна энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг прокурорын байгууллагаас албан ёсоор нээсэн. Ингэснээр 65 чиг үүрэг бүхий 13,000 эрх бүхий албан хаагчид нэгдэн орж, аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажил шуурхай байх, бүртгэл, хяналт бүгд цахимжих боломж бүрдсэн." гэдгийг энэ үеэр онцоллоо.
