“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого”, “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар”, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг үнэлэх аргачлал”-ыг Хяналт-үнэлгээний үндэсний хорооны 2025 оны 03 дугаар тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Дээрх эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт авах хүсэлт ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны газар, хэлтэс, тасгийн дарга, чиглэлийн ахлах мөрдөгч, ахлах мэргэжилтэн нийт 70 албан хаагчийг танхимаар, мөн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 10 албан хаагчийг цахимаар тус тус хамруулан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар эрсдэлийн менежментийн тогтолцоо, эрсдэлийн удирдлагын олон улсын стандарт, төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого, эрсдэлийн удирдлагын үйл явцыг хэрэгжүүлэх арга зүй сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.
