АТГ: Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 264 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 247 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 4 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна. Тухайлбал, удирдах албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа өөртөө болон эхнэртээ удаа дараа урамшуулал олгосон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсан, голын ай сав бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан зэрэг гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
