ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН БАТАЛСАН УДИРДАМЖИЙН ХҮРЭЭНД АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой 2025 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ажил олгогч даатгуулагчдын нийгмийн хамгааллын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг төлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаар тушаалаар ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсэгт дээрх байгууллагуудын төлөөлөл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар орсон бөгөөд ажлын хэсгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал ахлан ажиллах юм.
Тус хуралдаанаар талууд хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг олон нийт, ажил олгогч, бизнес эрхлэгч, даатгуулагчдад сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал, хэрэгцээг бодлого шийдвэрт тусгах, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, шударга бизнесийн орчинг дэмжих,төлөвлөгөө гарган хамтран хэрэгжүүлж, үр дүнг холбогдох бодлого шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ажиллана.
