АТГ: Албан тушаалаа урвуулан 148,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгаж байна

Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтан ААН-ээс бусдаар дамжуулан хахууль авч, мөнгө угаасан гэх хэрэгт прокурорын зөвшөөрөл гарсан тул Авлигатай тэмцэх газраас дараах мэдээллийг өглөө.
Энэ талаар, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтан нь бусдаар дамжуулан аж ахуйн нэгжээс хахууль авч, мөнгө угаасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Олон овоот гоулд” ХХК-иас 148,5 тэрбум төгрөгийг Зоос банк, Хадгаламж банк, Анод банк дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн 18 гүйцэтгэх баримт бичигт 2012 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн байна.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан нэр бүхий удирдах албан тушаалтан нь Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-иудын эзэмшилд хууль бусаар шилжүүлж, үүнийхээ хариуд 2,7 тэрбум төгрөгийг бусдаар дамжуулан хахуульд авсан, албан тушаалын байдлаа урвуулан 148,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Авлигатай тэмцэх газраас илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт холбогдуулан 3 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Түүнчлэн гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох замаар төрд учирсан 148,5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч ажиллаж байна" гэв.
