Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо

Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшиж, анх удаа гишүүнээр сонгогдлоо.
Манай улс энэхүү сонгуульд бэлтгэх хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр конвенцын гишүүн орнуудтай хоёр талт уулзалт хийж, дэмжлэг хүсэн идэвхтэй ажилласан юм.
ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалт Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24–25-нд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр болсон конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблейн сонгуулиар Дэлхийн өвийн хорооны 5 суудлын төлөө нийт 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс 97 улсын саналаар дэмжигдэн сонгогдлоо.
Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, V бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдож, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах олон улсын бодлого, шийдвэрт идэвхтэй оролцох боломж нээгдлээ.
Эх сурвалж: Соёлын яам
