АУДИТ: “ЦДҮС“ ТӨХК-ийн удирдлагууд баталсан төсвөө хэтрүүлэн ₮1,8 тэрбумаар шатахуун худалдан авсан ЗӨРЧИЛ илэрчээ

Үндэсний аудитын газраас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.
Аудитын шалгалтаар, нийт 3,6 тэрбум төгрөгийн зөрчлийг 2 илрүүлж, зөрчлийг нөхөн төлүүлэхээр 17 сая төгрөгийн 2 төлбөрийн акт тогтоож, зөрчлийг арилгуулахаар 1,5 тэрбум төгрөгийн 8 албан шаардлага, 2,1 тэрбум төгрөгийн 4 зөвлөмж хүргүүлжээ.
Тэрээр тус газрын санхүүгийн сахилга, хяналт, дотоод аудитын тогтолцоо сул байгааг харуулж байна гэж дүгнэлт гаргажээ.
Тухайлбал,
- Үндсэн үйл ажиллагааны зардалд ороогүй 60 сая төгрөгийг ахмадуудын шагнал урамшилд зарцуулсан.
- Төвийн бүсийн салбар нотлох, дэмжих баримтгүйгээр 14.7 сая төгрөгийг баярын хурлын заалны түрээсийн төлбөрт зарцуулсан.
- Тайлант оны гүйцэтгэлээр 1,8 тэрбум төгрөгийн шатахууныг худалдан авч, баталсан төлөвлөгөөг 959 сая төгрөгөөр хэтрүүлсэн. Тухайлбал, шатахуун зарцуулалтын тайланг шалгахад компанийн хөрөнгөд бүртгэлгүй хувийн автомашинд тушаал, шийдвэргүйгээр 1.5 сая төгрөгийн шатахуун олгож зарцуулсан нь илэрчээ.
- Нээлттэй тендер зарлахаас зайлсхийж, төсвийг хувааж 25 компани, 4 иргэнээс нийт 154.9 сая төгрөгийн автомашин тээврийн хэрэгслийн дугуйг шууд худалдан авсан.
- 34.7 сая төгрөгийн арчих материал худалдан авч, баталсан төсвөөс 23.4 сая төгрөгөөр илүү худалдан авалт хийж, худалдан авах ажиллагааны тайланд дутуу тайлагнасан зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.
Тиймээс батлагдсан төсвийг зориулалтын дагуу эдийн засгийн ангилалд нийцүүлэн зарцуулаагүй зөрчлийг таслан зогсоож, дахин давтан гаргахгүй байх талаар албан шаардлагыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваад хүргүүлжээ.
Тус газрын даргаар БИЛЭГТИЙН ДАШДАВАА 2023 оны хоёрдугаар сарын 03-наас эхлэн ажилллаж буй.
