Д.Будзаан: Хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 10 жилийн хугацаанд 2 ДАХИН өсж, 24-26 хувьд хүрсэн

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх алба, CU, GS25 байгууллага хамтран эхлүүлэх “365 анхаарч, хайрлая” аяны талаар мэдээлэл өглөө.
“365 анхаарч хайрлая” аяныг 2026 онд буюу бүтэн жил явуулж, урьдчилан сэргийлэх мэдээлэл нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан " Жил бүрийн 10, 11 дүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “365 анхаарч, хайрлая” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангалаа.
Энэ жилийн эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 11 хувиар буурсан. Гэхдээ 2100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Хүүхэд үйлдсэн 846 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь мөн 5-6 хувиар буурсан үзүүлэлт.
Мөн 2014 онд гэхэд хүүхдийн хорт зуршлын хэрэглээ улсын хэмжээнд 12-14 хувьтай байсан. 2024, 2025 оны судалгаагаар хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 24-26 хувьд хүрсэн байна. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, энэ чиглэлийн мэдээлэл нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай." гэв.
