Уул, усны хүү
Бас нэгэн бахархалт монгол, бичгийн хүнийг уншигчдадаа танилцуулъя.
Завхан аймгийн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр шинэ уран бүтээл “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгээ нийслэлийн үзэгчдэд тоглосон нь саяхан. Театрынхан энэ сарын 21-нээс өөрийн тайзнаа дахин тоглохоо зарлажээ. Дахин дахин тоглоход үзэж ханадаггүй ийм нэгэн уран бүтээлийг Завханы хөгжимт жүжгийн театрынхны захиалгаар манай улсын театрын урлагийн зүтгэлтнүүд төрүүлсэн юм. Зохиолч нь сэтгүүлч, яруу найрагч, жүжгийн зохиолд гаршиж, мэргэшсэн Б.Цогнэмэх билээ.
Түүний тухай бичиж, “Өнөөдөр” сонинд нийтлүүлснээ хүргэж байна.
Б.Цогнэмэхийн зохиолоор Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар тайзнаа тавьсан энэ жүжиг хүннү сэдэвтэй. Завханы болон УДЭТ-ын жүжигчид хамтран ажилласан. Зураач нь С.Ариунболд, хөгжмийн зохиолч нь СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр. Тайзны, тэр дундаа драмын урлагт мэргэшиж, гаршсан луухгаруудын оюун, сэтгэлээс өндийсөн жүжиг, амилсан дүрүүд Улаанбаатарын үзэгчдийг цаг хугацаагаар аялуулж, хоёр мянганы тэртээх Хүн гүрэнд аваачсан нь сонирхолтой. Уг бүтээлд Хүннүгийн үеийн хаад язгууртнуудын хоорондох, өөрөөр хэлбэл нийгэм, улс төрийн харилцааны талаар өгүүлдэг. Монголын тулгар төр хэдэн мянганы түүхтэй бүс нутгийн хэмжээнд өндөр үүрэг гүйцэтгэдэг байсан гэдгийг харуулахыг давхар зорьсон. Хүний л амьдрал юм хойно хайр дурлал, атаа хорсол, тэмцэл тулаантай.
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрынхан, тэр дундаа захирал Г.Солонго аймгийнхаа 100 жилийн ойд ийм сэдэвт жүжгээр бэлэг барих шийдвэр гаргамагцаа зохиолыг хэнээр бичүүлэхээ ядах юмгүй шийджээ. УДЭТ-ын нэрд гарсан жүжиг “Тэнгэрийн хүү”-г туурвисан Б.Цогнэмэх чадна хэмээгээд түүнд хандсан юм билээ.
Завханыхны санал тэртээ 2011 онд УДЭТ-аас зарласан түүхэн сэдэвт жүжгийн уралдаанд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Б.Догмид нарын томчуудыг ардаа орхин түрүүлж, “Тэнгэрийн хүү”-г төрүүлсэн зохиолчийн загатнасан газар нь маажих шиг болжээ.
Зохиолчид Хүн гүрний хожуу үе, МЭӨ I зууны үед хамаарах үйл явдлыг харуулсан жүжгийн зохиолоо археологийн баримтад тулгуурлан уран сайхнаар өрнүүлэх болсон нь юу юунаас илүү сонирхолтой санагдаж байсан гэсэн. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан ус гэдэг газраас илэрсэн Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газраас олдсон олдворууд түүний тулах цэг нь байв. Хангайн нурууны баруун бие, Хүннүгийн Шаньюйн алтан ураг, төрт улсын Баруун гарыг захирах томоохон язгууртан, түүний булш гээд нэг нь нөгөөгийнхөө тухай өгүүлэх ойлголтууд зохиолчийн сэтгэлийг гижигдсээр байлаа. Уг дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурины туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгал олон тоотой байсан нь энэ газар Хүн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг илтгэн харуулж байв.
“Байшин” барих санаа сэдэл, загвар, материал бэлэн байхад сууриа сайтар цутгаж аваад өрж эхэлнэ биз дээ. Б.Цогнэмэх чамбай гэгч нь өрсөөр, өөрийн гэсэн ур хийц, донж маяг бүхий “Асарын өндөр” хэмээх “байшин” буюу жүжгийн зохиолыг бэлэн болгов.
Хүн гүрний их Шаньюйн удмын төрөл, баруун гарын их ван Хутагтайн хүсэлтээр хүлэг баатар Отухан “Асар” орд-хотыг хамгаалахаар Хангай нурууны ард орших Хүн гүрний нийслэл Луут хотоос ирдэг. Отухан баатар ирэхдээ Хүннүгийн их шүтээн “Алтан хүн”-ийг өмнөд хөрш Хан гүрний халдлагаас зайлуулахаар сүйх тэргээр нууцаар авчирдаг. Уг “Алтан хүн”-ийг Хутагтай вангийн залуу хатан Хасуны орд өргөөнд байрлуулах болсон нь залуу хатны эгдүүцлийг төрүүлдэг. Энэ үеэс залуу хатан Хасун нь Отухан баатарт өширхөж эхэлнэ. Мөн баруун гарын вангийн Даяан-Ай гүнж Отухан баатартай хайр сэтгэлийн холбоотой болдог. Энэ явдал нь Даяан-Ай гүнжтэй гэрлэж баруун вангийн хүргэн төдийгүй Их ван болох хүсэлтэй түшмэл Хохойгийн уур хилэнг хөдөлгөнө. Энэ нь Хан улс Хүннү гүрэнтэй Энх-Ургийн гэрээ байгуулах болсон үе бөгөөд Хан улсын хаан У Ди баруун вангийн хатан Хасуныг авахаар санал ирүүлдэг. Харин хорон санаат Хасун хатан, түшмэл Хохой нар хуйвалдан Хан улс руу гүнж Даяан-Айг явуулах шийдвэрт хүргэнэ. Үүнийг Отухан баатарт сэтгэл алдарсан удган Улаанцолмон мэдсэнээр зөрчил хурцаддаг. Зохиолч үйл явдлыг энэ мэтчилэн өрнүүлэв.
Түүхэн сэдэвт шинэ жүжгийн зохиол бичиж дууссаныг мэдмэгцээ түүнээс “Та жүжгээ “Асарын өндөр” гэж нэрлэжээ. Асар гэдгийг асар майхан гэж ойлгох уу” гэж асуусан юм. Тэгэхэд тэрбээр “Энэ нь Хүннүгийн үеийн газар нутгийн нэрийг уран сайханд шилжүүлсэн нэршил. Өндөр гэдэг нь үүд, хаалга гэсэн утгатай. Хүннүгийн үеийн “Асарын өндөр” гэж дуу бий. Түүнтэй ч холбоотой. Тэгэхээр “Асарын өндөр” заяа гэсэн утга гарч ирнэ. Хувь тавилангийн хэмжүүр ч гэж ойлгож болох юм” гэж байлаа.
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрынхан ийм нэгэн түүхэн сэдэвт шинэ уран бүтээлийг УДЭТ-ынхантай хамтарч бий болгосноо аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд үзэгч олондоо өргөн барьсан нь өнгөрсөн зуны явдал. Нийслэлчүүд үзээд сайшаав. Орон нутагт шилдэг бүтээл төржээ хэмээн ам өрсөн магтацгааж байна. Хамгийн гол нь археологийн олдвор илэрснээс хойш удалгүй түүнийг баримт, тулгуур болгон, урлагийн бүтээл төрүүлэхийг сэдэж, шийдсэн нь аливаад шуурхай Г.Солонго захирал. Тэрбээр зохиолч Б.Цогнэмэхтэй гар, сэтгэл нийлэн амжилттай хамтарч ажилласан.
“Асарын өндөр” жүжиг нийслэлчүүдийн оюуны мэлмийг хүннү сэдвээр баясгаж байх зуур зохиолч үзэгдэж, харагдсангүй. Түүнийг хайлаа. Гэтэл мань хүн эх орны баруун хойд хязгаарт, төрөлх Хан Хөхүйнхээ ард, Тунгалаг нуурынхаа эргээр алхаж, Чигжийн голынхоо рашаанаас амссан шигээ жаргаж явах юм аа. Утас руу нь залгалаа. Сүлжээ нь орж гараад, сайтар сонсогдсонгүй. Юутай ч уран бүтээлийн ажилтай яваа аж. Байран суурин, байгалийн сайханд тухалж бичих хэрэг гарсан бололтой. Удахгүй бас нэгэн сайхан зохиолын нэр дуулдах биз ээ.
Баруун Хөхүйн хормойд хүн чулуутай “найзалсан” шигээ нүдээ нарны өөдөөс онийлгон алсыг ширтэн суугаа, сүүлийн жилүүдэд жүжгийн зохиолуудаараа Монголын утга зохиолд жинтэй байр суурь эзлэх болсон тэр чухам хэн бэ.
Тэрбээр нэгэнтээ “Төрөлх Хан Хөхүйг минь мөхөс бичээч надаас аль тэртээд нангиад, манж, жагар, түвэдийн лут, лут газар шинжээчид тольдоод "Газрын дундад диваажин" хэмээн уулга алдан мэхийсэн байдаг билээ. Ерөөс бишрэлт Хан Хөхүйд орон хийд, сүм дуган босгох, төр ёс, шашин соёлыг үүтгэх бүрт үе үеийн Зая бандид гэгээн, Ламын гэгээн, Наро банчэн хутагт, Жалханз хутагт, Дилов хутагт нарын дүрүүдийг алдарт Лу жанжин гүн болон түүний өвөг дээдэс, үр хойчис зэрэг Элжигэн халхын ноёд урин залж, шинжин тольдуулсан баримт үлэмжхэн юм. Эндээс харах нь ээ, эрдэнэт богд Хан Хөхүй маань аргагүй л газрын дундаж диваажин юм байна. Хан Хөхүйн их тэнгэр орон та биднийг ивээн соёрхог” хэмээн төрж, өссөн газар орноо шинжин хэлсэн нь бий. Тэрбээр өөрийгөө “Хөхүй хааны бичээч, Эл эзэн Битогтохын Цогнэмэх” хэмээн танилцуулдаг юм. Тийм ээ, уул усаараа, эцэг өвгөд, элэнц хуланцаараа ам бардам, сэтгэл өег овоглох үйлээ тэрбээр бүтээж яваа нэгэн билээ.
Б.Цогнэмэх тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жил, үндэсний их баяр наадамд "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгээ зориулсан. Мөн хутагтуудын өлгий Завхан аймаг үүсэн бий болсны 100 жилийн ойд “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгээ өргөн барьсан нь энэ юм. Түүний бичиж туурвисан, захиалгаар бүтээснийг дурдваас олон.
2021 онд УДЭТ 90 жилийн ойгоо тохиолдуулан үзвэрийн жилээ өвлийн эхэн сарын шинийн 1, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр зохиолч Б.Цогнэмэхийн "Хаадын хаан. Андгай" жүжгээр нээсэн юм. Найруулагч нь мөн л Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатар. Өмнө нь нийслэлийн “Улаанбаатар” чуулга Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж Б.Цогнэмэхийн зохиол Чин ван Ханддоржийн тухай "Ай, Нан аа" түүхэн дуулалт жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдэд хүргэж байлаа.
Ер нь зохиолч нийт 30 гаруй жүжиг бичсэн юм билээ. Түүхэн кино зохиол гэхэд зургаа байна. Үүний зэрэгцээ 15 ном уншигчдадаа хүргэсэн. Өндөр настан Д.Цэрэндулам “Би Цогнэмэхийн “Ухаан хонгорын дууль” гэдэг номыг дундаас нь эхэлж уншсан юм. Яараад тэр байхгүй юу. Вьетнамаас эх орноо зорьж гүйсэн монгол морь өндөр уул, өргөн голыг яаж гаталсан бол гэж боддог байсан болохоор энэ ном гарт орж ирэнгүүт баярлаад, шууд дундаас нь уншсан минь тэр. Гол юмаа олсон. Одоо эхнээс нь дунд хэсэгт хүртэлх үйл явдалтай танилцах гэж байна” гэж ярьж байхыг сонссон юм. Хүмүүс түүний номуудыг ингэж амталж хүртдэг бөлгөө.
Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжигт “Тал нутгаас цуурайтсан тэнгэрийн дуу газрын хөрс, дэлхийн дайтыг донсолгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж эхэллээ...” гэж байдаг. Харин үүнээс 11 жилийн дараа бичсэн мөн л хүннү сэдэвт “Асарын өндөр” жүжгийн зохиол арай “зөөлөн” гэхээр. Учир байна билээ. Найруулагч Н.Наранбаатар “Ямаан ус хэмээх газраас олдсон хүннүгийн язгууртны булшин дахь олдворууд дунд сангийн войпор байсан. Энэ бол тухайн үед буюу 2000 жил орчмын өмнө манай нутагт буддын шашин байсныг гэрчилж байгаа юм” хэмээж байсан. Б.Цогнэмэхэд буддын шашны сэдэв ойр. Тэрбээр 2017 онд “Түүхэн туульсын шилдэг жүжгүүд” хэмээх ном гаргасан юм. Үүнийхээ эхэнд Бурхан багшийн мэндэлсний 2640 жилийн ойд зориулан бичсэн “Үнэний хаан Будда” хэмээх жүжгээ залсан байдаг. Түүнийг уншихад зохиолчийн үг, хэллэг ямар яруу, санаа сэтгэл хэр тунгалаг, бодол хүсэл хэчнээн тэмүүлэлтэй болохыг мэдэрдэг. Ялж, төгс нөгчсөн Бурхан багшийг уг номд Хамаг тус бүтээгч гэдэг агаад тэрбээр “Энэ орчлонг хайраар хучсаны тул эгэл бие минь гэгээрч, үнэний замд орлоо” гэсэн байдаг. Уншваас гэгээрэл бол хайр юм гэдгийг мэдрэх буй за.
Б.Цогнэмэхийн зохиолуудын зах зухтай танилцаж байхад ер нь зохиолчид ямар агуу улс вэ хэмээн эрхгүй бодогдож байлаа. Тэд хааны, хатдын, тэр бүү хэл Бурхан багшийн өмнөөс ярина, бодно, цээрлэл хүлээлгэнэ, өршөөнө, уучилна, уяран хайлавч түүнийгээ нууж чадна. Тухайлбал, зохиолч Б.Цогнэмэх л гэхэд Хүннүгийн хаад, ноёд, их эзэн Чингис хаан, түүний эх Алунгоо хатны өмнөөс ярьж, уншигчид санаа алдан хүлээж авч, тайзны уран бүтээлийг нь амьсгаа даран үзэж байх жишээтэй. Тэрбээр хөшигний арын уран бүтээлч. Жүжгийн зохиолыг л бичихээс найруулахгүй, өөрөө тоглохгүй. Тиймээс олон нийт төдийлөн танихгүй байж мэдэх юм. Мөн төрийн наадмын нээлт, хаалтын ёслолын зохиол бичих гэж айхавтар хариуцлагатай ажлыг Монголын төрөөс түүнд хэдэн удаа даалгасныг сонсоход л түүний хэн болох танигдана. Тэрбээр 2016-2019, улмаар 2022, 2023 оны үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын зохиолчоор ажилласан.
Түүх судлаач, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч тэрбээр малчин явсан нэгэн. Ховдын Багшийн дээд сургууль төгсөөд багшлахын оронд төрсөн нутагтаа очиж хоньчин болсон юм. Малд гярхай найрагч сумын аварга малчин ч болж байлаа. Тэднийх 2001 оноос Улаанбаатарын айл болсон бөгөөд төрөлхийн авьяас, түүний ч, үүний ч тухай зураглах, бичиглэх, нийтлэх сонирхолтой залуу хүсэлдээ хөтлөгдсөөр сэтгүүлчдийн гал тогоонд хөл тавьсан түүхтэй. Эрдэмтэд, их авьяастнууд, улстөрчид, их мэдэгчид, зад шүүмжлэгчдийн аль алины тухай бичиж, нийтэлж байх үедээ дээр дурдсанчлан түүхэн сэдэвт жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлснээр утга зохиолын энэ төрөлд нэг мөр дурласан бичээч. Дурласан гэхээс илүүтэй ажил үйлсээ болгосон гэвэл онох буй за.
Түүний сэтгэх нь хурдан. Бодлоо гүйцэж бичиж бардаггүй юм шиг санагддаг. Сэтгэлд нь бадамласан сэдэв болгоныг жүжиг, ном болгож амждаг ч үгүй болов уу. Заримдаа өөрийгөө хоёр хуваачих юм сан гэж боддог ч байх гэхээр. Энэ цаг үеийн ийм нэгэн эгэл даруу туурвигч, үзэгч, уншигчдын хүсэмжит зохиолчийн тухай товч өгүүлэхэд ийм байна.
МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, УДЭТ-ын зохиолч, жүжгийн зохиолоор дагнагч Б.Цогнэмэх гэж энэ.
“Асарын өндөр”-ийг нь улаанбаатарчууд шагшин байх зуур тэрбээр хөх жийнсний түрий савхин гуталд чихэж өмсчихөөд Хан хөхүйн уулынхаа энгэр, бэлээр зугаалж, насан багаас ууж, ундалсан рашаан усаа эргэж тойрсон шигээ алхаж явна.
Тийм ээ, тэр бодож яваа. Бодож, бодож, сууна. Ямар сэдвээр ямар бүтээл төрүүлэх гэж буйг нь төрөлх нутгийнх нь уул, улс л мэдэж байгаа байх. Магад хангай дэлхий, хайрхан уулс нь хийморьтой хүүгийнхээ онгодыг дуудаж тусалдаг ч биз ээ.
Р.Оюунжаргал
