СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулжээ

Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч байна.
Тухайлбал өчигдөр /2025.11.04/ шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гурван гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүний улмаас нийт 15.6 сая төгрөгийн хохирол учирчээ.
Иймд иргэд Та бүхэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг анхааруулж байна.
