16 настай охиныг амь насыг хөнөөсөн хэрэгт туслалцаа үзүүлсэн хэргээр Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг татаж, нэг сар цагдан хорьжээ

Цахим орчинд түгээд буй 16 настай охин амиа алдсан хэргийг олон нийт хэрхэн шийдэх талаар чих тавин хүлээж буй.
Өмнө нь тус хэрэгт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж болон насанд хүрээгүй Х.Энхсайхан нарыг хоёр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл тус хэрэгт чемодан буй цогцосны хажууд суугаа Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрэгт хамжигчаар оролцсон эсэхийг шалгуулахаар шүүхээс прокурорт буцаагаад буй. Тэгвэл шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон Э.Номин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцжээ.
Уг хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан Х.Энхсайханыг зургаан сар цагдан хорьж байжээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод сулласан байна. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй, гадуур шалгагдаж байна.
										
								
								
								
								
								
							
								
								
								
