Б.Батбилэг: Ганцаардмал хүүхдүүд их болж байна. Томчууд өөрсдийн санаа бодлоо тулгахаас илүү сайн сонсогч нь болох хэрэгтэй
НИТХ, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран эцэг, эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл энэ хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай “Томчуудын мэдлэг-Багачуудыг бамбай” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Энэ үеэр Монген сургуулийн нийгмийн ажилтан Б.Батбилэг "Монген сургууль нь эцэг эх, гэр бүлийнхэн, асран хамгаалагч нартай гурвалсан байдлаар буюу малгайн хэлбэрээр харьцдаг. Гурвалсан хүрээнд ажиллахдаа нэгт хариуцлага, хоёрдугаарт үүрэг, гуравдугаарт эрхийг нь ойлгуулж, гэр бүлийн орчинд нь эрх зүйн мэдлэгийг бүрдүүлэхийг хичээдэг.
Тиймээс сургуулийн хэмжээнд мэдлэг, мэдээлэл олгох ажлыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулдаг.
Харин хүүхдүүдэд энэ төрлийн мэдлэгийг олгохдоо багш нараар дамжуулан нөлөөлөл, сургалтын ажлыг зохион байгуулдаг.
Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын ажлыг хэрэгжүүлэхдээ хариуцагч талыг оролцуулж хийснээр үр дүнд хүрэх тул энэ талыг анхаарч ажилладаг.
Хүүхдийг сонсдог эцэг эхчүүд маш олон болох хэрэгтэй. Эхлээд хүүхдээ сонсох нь хамгийн чухал. Долоо хоногтоо 3-4 цагийг л хүүхдэдээ зарцуулах хэрэгтэй. Хүүхдээ сонсох гэдэг нь өөдөөс нь яриад байх биш шүү.
Хайрыг л мэдрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр ганцаардсан, уйдсан, шаналсан хүүхдүүд их ажиглагдах болсон." хэмээлээ.









