Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажлыг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг газарт самар түүж яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон байна.
Уг газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км-т оршдог бөгөөд Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж очиход иргэн Э сураггүй болсон байж.
Энэ талаарх дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт холбогдох байгууллагад өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн нь иргэн Э /46 настай, эмэгтэй/-г есдүгээр сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг 20 км-ийн тойрогт зохион байгуулан үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.









