Нэгдүгээр эмнэлэг 25 жилийн хугацаанд 11 чиглэлээр 2,206 эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтын 27 чиглэлээр 838 эмч бэлтгэн гаргажээ
УНТЭ нь 2025 оны 10 сарын 06-ны өдөр Үндсэн мэргэшлийн сургалтын төгсөгч эмч нараа хүлээн авч, “Төгсөлтийн баяр”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэр, Хүний гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн дэд захирал О.Баярмаа болон эмч, мэргэжилтнүүд оролцож, резидент эмч нартаа хүндэтгэл үзүүлэн сургаалиа айлдлаа.
УНТЭ нь Эрүүл мэнд нийгэм хамгааллын Сайдын 2000 оны 05 сарын 29-ний өдрийн 156 дугаар тоот тушаалаар үндсэн мэргэшлийн буюу резидент эмчийн 2-3 жилийн хугацаатай сургалтын зөвшөөрлийг мэс засал, дотор, мэдрэл, лаборатори, дүрс оношилгоо, чих хамар хоолой, нүд судлал зэрэг найман мэргэжлийн чиглэлээр элсэлт авч, зохион байгуулснаар албан ёсоор Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн 100 жилийн түүхэнд Эмнэлгийн мэргэжилтний Төгсөлтийн дараах сургалтын 25 жилийн түүхийн хуудсыг бүтээж, ‘’Үндсэн мэргэшил’’-ийн сургалтын 11 чиглэлээр 2206 эмч, ‘’Төрөлжсөн мэргэшил’’-ийн сургалтын 27 чиглэлээр 838 эмч, 1961 сувилагч, тусгай мэргэжилтэн, ‘’Мэргэжил дээшлүүлэх’’ сургалтын 28 чиглэлээр 1075 эмч, 992 сувилагч, тусгай мэргэжилтнийг тус тус, нийт Эмнэлгийн мэргэжилтний Төгсөлтийн дараах сургалтын 66 чиглэлээр 7072 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөжээ.
Төгсөгчдөдөө эмч байх мэдлэг боловсролыг эмнэлзүйн ур чадвартай нь багагүй хугацааг туулж суралцаж буй ч цаашид эрдэм судлалыг хүн байх, хүний эмч байх ухамсар, ёс зүйтэй нь хослуулан тасралтгүй эзэмшиж, төлөвшихийг хичээн ажиллахын зэрэгцээ “Суралцахуйн үйлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн энэ үеэр төгсөгчдөд захиж байлаа.









