“Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх аян хэрэгжиж байна
НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Урьдчилан сэргийлэх алба хамтран эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан хүүхэд хамгаалал, гэмт хэрэг зөрчлөөс урьчлан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” уриан дор хүүхэд хамгааллын аян, арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл, иргэний зөвлөл дэмжин, хамтран зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг, эх, асран хамгаалагч нартай хамтран хүүхэд өртөж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллах юм.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд эцэг, эх, асран хамгаалагч, төрийн болон төрийн бус хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын хамтын хариуцлага, оролцоо маш чухал.
Уг аяны хүрээнд “Мэдлэгтэй ээж- Сэрэмжтэй аав” танин мэдэхүйн тэмцээн, мэдлэг мэдээлэл түгээх цуврал подкаст, хүүхдийн төлөө хамтарсан байгууллагуудын нэгдсэн хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, “Эрсдэлээс ангид ирээдүй” өсвөр насныханд зориулсан нэгдсэн арга хэмжээ зэрэг хүүхдийн төлөө олон төрлийн ажил, арга хэмжээнүүд хийгдэх юм.









