Эмэгтэй алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас эмэгтэй алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан учирч буй хууль эрх зүйн орчин, нийгэм, сэтгэл зүй, ажлын байрны тулгамдсан асуудлыг тодорхойлох, байгууллагын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлал, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Хамтдаа хөгжье-Бидний оролцоо” сургалт, зөвлөгөөн өчигдөр /2025.10.07/ зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Хүний нөөцийн хэлтсийн дарга “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга”, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон эмэгтэй 350 алба хаагчийн төлөөлөл оролцлоо.
Сургалт, зөвлөгөөний үр дүнд эмэгтэй алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээс гадна байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, мэргэжлийн төвшинд хүргэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.
Мөн энэ үеэр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хамт олноо манлайлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад шагнал гардууллаа.









