ТАНИЛЦ: Өвлийн олимпын нээлт, хаалтад монгол тамирчдын өмсөх хувцас
Италийн Милан–Кортина хотноо зохион байгуулагдах өвлийн олимпын наадам эхлэхэд 128 хоног үлджээ.
Монголын Үндэсний Олимпын хороо болон “Гоёл Кашмер” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажлыг эхлүүлэв. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Гоёл Кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар оролцов.
Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн 7 дугаар сард байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргасан аж.
Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар оролцох юм байна.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо









