“Эрдэнэт үйлдвэр“-ийн Ж.Ганзоригийн тендерт шалгаруулсан компаниасаа 301.4 саяын хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хахууль авсан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ж.Ганзориг нь эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авах ажиллагааны тендерт нэр бүхий компанийг ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт дутуу байхад гэрээ байгуулсан, тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компаниас бэлэн болон бэлэн бусаар 301.4 сая төгрөгийн хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.









