Б.Сэмжидмаа: Архинд донтсон иргэдийг ТББ-уудад даатгаад орхихгүй. НИТХ,НЗДТГ, НЦУГ, НЭМГ хамтран үе шаттай ажлыг хэрэгжүүлнэ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэл хотын гудамж талбай, олон нийтийн газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй тэнэмэл иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, архины албадан болон сайн дурын эмчилгээнд хамруулах ажилд төрийн байгууллагуудын жигд оролцоог хангах, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр санал, солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ "НЦУГ-аас нийслэлийн хэмжээнд архинд донтсон иргэдрүү чиглэсэн ажил хийх санаачилгыг гаргаж холбогдох байгууллагуудын уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Архинд донтсон иргэдийг архинаас гаргахын тулд хэдэн ТББ-уудад даатгаад орхих биш НИТХ, НЗДТГ, НЭМГ, НЦУГ, зэрэг байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээ нэгтгэж хамтран ажиллах нь хамгийн чухал байна.
Өнөөдрийн байдлаар архинд донтсон иргэдийг нийгэмшүүлэх, архинаас гаргах, ажилд зуучлах ажлыг хэдэн ТББ-ууд л нуруун дээрээ авч явж байна. Гэтэл тухайн байгууллагуудад маш өндөр шаардлага тавьдгаас үүдэж зарим сайн дурын үйл ажиллагаа эрхэлж буй ТББ нь үйл ажиллагаагаа эрхлэх аргагүй болж татан буугдах дээрээ тулж байна. НЦУГ-аас гаргасан тоон судалгаагаар 428 архинд донтох эмгэгтэй иргэд байна. Мэдэгдэж байгаа нь л энэ болохоос хаалганы цаана хичнээн хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс архины хордлогыг нь тайлаад л явуулдаг биш сэтгэл зүйг нь засах, эмчилгээ хийх, нийгэмшүүлэх, ажилд зуучлах зэрэг цогц ажлыг хийхийн тулд холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Өнөөдрийн уулзалтаар дээрх ажлын төлөвлөгөөг гаргаж, жилийн хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлэхээр болж байна.
"Нийгмийн хамгааллын тусгай төв" ТББ-ын дарга Ш.Мөнхцэцэг:
Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд очих газаргүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч, түр хоноглуулах, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх гурван зорилтын хүрээнд 12 төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Монгол Улсын хувьд орон гэргүй иргэд нэмэгдэх хандлагатай байна. Орон гэргүй иргэдийн 90 гаруй хувь нь архинд донтсон байдаг. Энэ нь гэр бүлийн тогтворгүй байдал, ажилгүйдэл, хувь хүний хариуцлага зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Бидний хувьд нийгэмшүүлэх, ажилд зуучлах, хуримтлал үүсгэх, бие даасан амьдралаа төвхнүүлэхэд нь манай ажилчид төвлөрч ажилладаг.
Архинд донтсон иргэдийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй.
Уулзалтаас орон гэргүй тэнэмэл иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, архины албадан болон сайн дурын эмчилгээнд хамруулах ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана.









