Б.ӨСӨХБАЯР: Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 21,498 нэгжээр буурсан

2025 оны 9 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.

-Иргэдээс цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага, мэдээлэл буурсан үзүүлэлттэй байна. Энэ чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү.

Цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг төрөл хэлбэрээр нь ангилдаг байсан. Харин аж ахуйн нэгж байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг регистерийн дугаараар бүртгэдэг байсан ч төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй уялдаагүй байлаа. Харин энэ онд “Аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаараар бүртгэх” цонх буюу нэмэлт ангилалыг шинээр үүсгэж, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбосон. Ингэснээр нэг байгууллагын регистр дээр хоёр болон түүнээс дээш давтамжтай бүртгэгдсэн дуудлагыг ангилан харах боломжтой болсон бөгөөд энэ нь өгөгдлийн сангийн тусламжтайгаар цаашдын ажил, арга хэмжээг чиглүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон.

-Нэг байгууллагаас олон удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгаа тохиолдолд тухайн байршилд чиглэсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 сарын хугацаанд 1,481 аж ахуйн нэгж байгууллагаас 9,979 удаагийн давтамжтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тухайлбал Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллага болон томоохон зах үйлчилгээний төвд дунджаар 150-190 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна.  Удаа дараа зөрчил гарч буй аж ахуй нэгж, байгууллага, эмзэг цэг, байршлуудыг тогтоон, түүнд чиглэсэн, ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал дуудлага мэдээллийн давтамжийг бууруулахын тулд тухайн газарт ямар шалтгааны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх болсон шалтгааныг олж тогтоож, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгаврыг тогтмол хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг хамруулсан “Хуулийн хэрэгжилт” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Мөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо” сэдвээр мэдээлэл хүргэж, үйл ажиллагаа эрхлэгч иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авсан. Энэ нь төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болсон.

-Та бүхэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа хэдий ч зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтанд ямар хариуцлага тооцож байна вэ?

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.1.1 дэх хэсэгт Хуулийн этгээд нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан. Иймээс удаа дараа зөрчил гаргасан, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгаагүй иргэн, аж ахуй нэгж байгууллага болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэн ажиллаж байна.

Тухайлбал торгууль ногдуулах, цаашлаад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

-Энэ бүх ажлын үр дүн ямар байна вэ?

Цагдаагийн байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, иргэнд энэ оны эхний 08 сарын байдлаар нийт 22,715 удаагийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлага хүргүүлж, биелэлт, үр дүнг тооцон ажилласны үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 21,498 нэгжээр буурсан бодитой, эерэг үр дүн гарсан байна. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, иргэн бүрийн оролцоо чухал оролцоотой юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665560
0 эможи

keyboard_arrow_up