н.Ичинноров: Хоёр хувийн татвар ногдуулах хуулийн зохицуулалт 33 жил тогтвортой хэрэгжиж байна

2025 оны 9 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. 

Байнгын хороогоор ахмад настнууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан, жагсаж байна. Ахмадуудын тэтгэврийг нэмэх хүсэлттэй шаардлагатай мэдээллийг цуглуулж, холбогдох яам, агентлагийн төлөөлөгчдийг оролцуулж, энэ асуудлыг хэлэлцье гэсэн саналыг байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлэв.

Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох буюу ХХОАТ-ын 21.2-т заасан заалтыг хүчингүй болгох саналыг иргэн О.Батсүх 2025 оны 8-р сарын 15-ны өдөр D-Petition.mn-д байршуулжээ. Уг саналыг 9-р сарын 10-ны байдлаар 100,300 хүн дэмжсэн тул ийнхүү УИХ-аар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Улсын хэмжээнд хуулийн энэ үйлчлэлд жилд хэчнээн хүн хамрагддаг, татварын бодлого нь олон улсын жишгээр ямар байдаг талаар тодрууллаа.

Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ичинноров, Монгол Улс анх 1993 онд үл хөдлөх хөрөнгө борлуулсан дүнгийн 2 хувийн татвар ногдуулах хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн ба өнөөг хүртэл 33 жил тогтвортой хэрэгжиж байна. 2024 оны байдлаар 55 мянга орчим иргэн орон сууц худалдан борлуулж, 2 хувийн татвараар дамжуулж төсөвт 115 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Энэ татварын орлого сум, дүүрэг орон нутгийн төсөвт орж, төрийн анхан шатны үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулагддаг.

Олон улсын жишгээр байр худалдан авах үед НӨАТ, мөн байраа ашиглах үед нь болон худалдан борлуулахад нь гэсэн гурван үе шаттай татвар авдаг. Харин Монголд байр авах хүнээ дэмжиж, байр худалдан борлуулж буй иргэнээс 2 хувийн татвар ганц удаа авдаг зохицуулалттай.

Хувь хүн анх удаа орон сууц авах тохиолдолд ХХОАТ-ын хуульд зааснаар 6 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг авна. Энэ нь орон сууц авч буй иргэнээ дэмжих төрийн бодлого юм. 

Улсын хэмжээнд нэг өрөө орон сууцтай иргэн 325820, гурваас дээш орон сууцтай иргэн 12376 байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665515
1 эможи

keyboard_arrow_up